ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

Түүхэн замнал

           БНМАУ-ын Бага Хурлын  Тэргүүлэгчдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан “Аливаа шүүх газруудын дүрэм”-ийн дагуу Нийслэл хотын шүүн таслах байгууллагыг байгуулж, 1930 онд Улаанбаатар хотын шүүх нэртэйгээр шинэчилж, улмаар Бага хурлын 1949 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 9 дүгээр зарлигаар Шүүх явдлын яамны Зохион зааварлах хэлтэст тогтоол гүйцэтгэлийн асуудал хариуцсан байцаагч ажиллуулж эхэлсэн байна.

          БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зарлигаар  Шүүх явдлын яамыг татан буулгаж Дээд шүүхэд чиг үүргийг шилжүүлэн, 1962 оноос Дээд шүүхэд шүүхийн тогтоол гүйцэтгэлийн өдөр тутмын ажлыг удирдах хэлтэс байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Улмаар 1965 онд Улаанбаатар хотын хэсгийн шүүхийг татан буулгаж, районы шүүхийг байгуулсан ба тухайн үед Улсын дээд шүүх, цэргийн шүүх, аймаг хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч тус бүр нэг хүнтэй, хэсгийн шүүхүүдэд тогтоол гүйцэтгэлийн асуудлыг шүүгч, нарийн бичгийн дарга нар хариуцдаг байжээ.

           Улсын дээд шүүхээс тогтоол гүйцэтгэлийн албыг бэхжүүлэх, гүйцэтгэгчийн орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээр 1977 онд Тогтоол гүйцэтгэлийн тасаг, 1984 онд Тогтоол гүйцэтгэлийн хянан байцаах хэлтсийг  байгуулж, улмаар 1981 онд улсын хэмжээнд 85 тогтоол гүйцэтгэгчтэй болж өргөжсөн байна.

           БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Дээд шүүхийн гүйцэтгэж байсан шүүхийн зохион байгуулалтыг удирдах ажлыг тогтоол гүйцэтгэлийн асуудлын хамт Хууль зүйн яаманд шилжүүлж, орон нутагт хууль зүйн хэлтэс чиг үүргийг гүйцэтгэж байсан ба 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоолоор шүүхэд чиг үүргийг буцаан шилжүүлжээ.

         “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай” хууль 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдөр батлагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны анхны бие даасан эрх зүйн зохицуулалт бий болж, 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиар Шийдвэр гүйцэтгэлийн хэлтэс Хорих байгууллагын удирдах газрыг нэгтгэж, Засгийн газрын 1996 оны 298 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг байгуулжээ.

            Шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа аж ахуйн нэгж байгууллагын, иргэд хоорондын, эрүүгийн, хүүхдийн тэтгэвэр хариуцсан хэсэг болон захиргаа гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байсан ба 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тойргийн журмаар гүйцэтгэх болсон.

        Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 211 шийдвэр гүйцэтгэгч, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг 28 шийдвэр гүйцэтгэгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг 40 ахлах гүйцэтгэгч гүйцэтгэж, улсын хэмжээнд иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүрэг бүхий 30 нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үйл ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

2015-12-10 12:28:44
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр