ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

Монгол улсад Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгууллаа
Нийтлэгдсэн 2019-10-03 10:11:58 | Үзсэн: 1

Хуралд 25 орны 37 байгууллагын 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл болон шинэ санаачлага”, “Хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах, хоригдлыг нийгэмшүүлэхэд орчин үеийн техник, технологийг ашиглах нь”, “Сэтгэцийн өөрчлөлттэй, мансууруулах бэлдмэл хэрэглэх донтой хоригдлуудтай ажиллах, тэдгээрийг нийгэмшүүлэх ажиллагаа”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Насанд хүрээгүй болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудтай ажиллах, тэднийг нийгэмшүүлэх ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, тавьсан илтгэлийн дагуу хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Хорих байгууллагын удирдах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хооронд хорих байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, алба хаагчдыг сургалтад хамруулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.  

Бага хурлын хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид ШШГЕГ-ын харьяа зарим хорих ангиудын үйл ажиллагаатай танилцаж, тус ангиудын удирдлага, алба хаагчидтай санал солилцжээ. Хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан зочдын зүгээс Монгол Улсын хорих байгууллага дахь үйл ажиллагаа, тухайлбал хоригдлыг нийгэмшүүлэх, боловсрол олгож байгаа тогтолцооны талаар сонирхсон бөгөөд хоригдлыг бичиг үсгийн боловсролд заавал хамруулах, бичиг баримтжуулах, хөдөлмөрийн байраар хангах асуудлыг өндөр түвшинд зохион байгуулж байгааг онцлон сонирхжээ.

Мөн хоригдогсдын наад захын ахуйн хэрэглээ, амьдрах орчинг ОУ-ын зүгээс тавигддаг  эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхэд тодорхой арга хэмжээ авч амжилтанд хүрснийг дурджээ. Түүнчлэн бусад улс оронд боловсон хүчний хомсдол, нөхөн хангалтын дутмаг байдал, хоригдлын зүгээс амь насандаа гэмтэл учруулах, бусдын эрх чөлөөнд халдах, оргох зэрэг хэрэг зөрчлүүд ялгаагүй гардаг байна. Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналтын дэвшилтэт тоног төхөөрөмж, алба хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх нь бүс нутгийн хорих байгууллагуудад тулгамдсан асуудал болж байгаа талаар хэлэлцлээ.

Хурлын төлөөлөгчдийн зүгээс хурлыг өндөр түвшинд зохион байгуулж, эх орныхоо зан заншил, нүүдэлчин ард түмний амьдрал ахуйн талаар сурталчилж таниулсан, мөн хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хоригдогсдын ахуй хангамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн зохион байгуулалтын ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад талархал илэрхийллээ.

 

 

 

2019-10-03 10:11:58
Сэтгэгдэл бичих

Нэр :
Таны и-мэйл :
Сэтгэгдэл :
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Нийт сэтгэгдэл
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001482
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр